Зөвлөгөө

Бизнесийн санхүү бүртгэлээ хөтлөхдөө гаргадаг нийтлэг 5 алдаа

Жижиг бизнесийн эзэд завгүй их ажлынхаа хажуугаар бизнесийн орлого, үр дүнгээ бүртгэж, ашиг алдагдлаа дүгнэх шаардлагатай нүүр тулгарч байдаг. Ийнхүү бүртгэл хөтлөхдөө алдаа гаргах, буруу хөтлөх нь үр дүнгээ буруу хэмжих, санхүүгийн гүйцэтгэл, тоо мэдээ алдаатай гарахад хүргэж, улмаар ашиг алдагдлаа тооцох, банкны зээл хөөцөлдөхөд чөдөр болж, өөртөө хэдэн төгрөг зарцуулж болохоо мэдэхгүй байхад хүргэж байна.

Дээрх нөхцөл байдалд хүрэхгүйн тулд жижиг бизнес эрхлэгчдийн нийтлэг гаргадаг, зайлсхийх шаардлагатай 5 алдааг оруулав.

  1. Өдөр тутмын ажилдаа дарагдаж, хугацаа хожимдуулах

Цаг хугацаа хэний ч талд үйлчлэхгүй. Өдөр тутмын их ажилдаа дарагдан урагшилж байх зуур орлого зардлын бүртгэлээ цаг тухайд нь хийлгүй хэдэн өдөр, бүр хэдэн долоо хоног өнгөрсөн байна. Бүртгэлээ нөхөж хийхийн тулд алдаг оног хөтөлсөн тэмдэглэл, хар дэвтрээ ухаж төнхөх, дансны хуулгаа нягтлах гээд нөр их ажил ундарна, ингэхдээ орлого, зардлаа дутуу, эсвэл алдаатай оруулдаг.

Тухайлбал, та бүтээгдэхүүнээ тасралтгүй үйлдвэрлэхийн тулд бэлнээр, зээлээр бараа материал татан авсан ба баримт, нэхэмжлэхүүдээ заримыг нь гээчих тохиолдол бий. Бүртгэлээ цаг тухайд нь хөтлөөгүй тул таны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг худлаа гарна, мөн төлөх хугацаа нь хэтэрсэн нэхэмжлэх гэнэт гарч ирэх болно.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд орлого, зардлын бүртгэлээ өдөр тутам нэгтгэж бүртгэлээ хөтөлдөг эксел рүүгээ оруулж байх хэрэгтэй.

  1. Санхүүгийн тайлан мэдээгээ хэрэгцээгүй зүйл болгох

Бизнесийн орлого, зардлаа бүртгэдэг хэдий ч түүнийгээ бизнестээ ашигладаггүй байдал нийтлэг байдаг. Орлого, зардлын бүртгэлээ ашиг алдагдлын тайлан болгож харахгүй бол таны бизнес төлөвлөсөн хэмжээндээ явж байгаа эсэхийг хэмжих, тавьсан зорилгодоо хүрэх үгүйгээ дүгнэх, улмаар аливаа шийдвэр гаргахдаа үндэслэл болгох чухал өгөгдөл байхгүй болно. Зайлсхийхийн тулд та бүрэн гүйцэт хөтөлсөн санхүүгийн тоо мэдээллийг орлого үр дүнгийн тайлан руу автоматаар хөрвүүлэх, улмаар сар бүрийн ашиг алдагдлыг хэмжих боломжтой эксел загварыг та ашиглаж үзээрэй.

Та энд дарж орлого, зардлын бүртгэл хийх эксел файл татаж аваарай.

  1. Бизнесийн болон хувийн зардлаа хольж бүртгэх

Жижиг бизнесийн санхүү бүртгэлд гаргадаг хамгийн нийтлэг алдаа нь бизнесийн болон хувийн санхүүгээ нэг “данс” – наас удирддаг явдал. Тухайлбал, бизнес эрхлэгч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бизнесийн эргэлтийн хөрөнгөөс шууд авч төлнө, өөрийнхөө орон сууцны төлбөрийг бизнесээрээ төлүүлнэ, заримдаа гэрийнхээ хоол ундны зардлыг ч гаргана. Эргээд ажилчдын цалин тавьж олгох, бараа материал татаж авах, тоног төхөөрөмж худалдаж авах зэрэг бизнест мөнгө хэрэг болоход “өөрийнхөө” мөнгийг оруулна, гэр бүлийн хоёр нэгнийхээ цалин, эсвэл бусад эх үүсвэрээс орсон мөнгөөр бизнесээ залгуулна.

Таны бизнестээ “оруулж” байгаа мөнгөнөөс хувьдаа авч байгаа мөнгө ямагт илүү байх болов уу, энэ нь бизнест, бизнесийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлнө. Энэ байдлаас салах арга бол зөвхөн тусад нь бүртгэх.

  1. Бүртгэл хөтлөхдөө урт хугацааны бус цаг зуурын байдлаар хандах

Бизнесийн бүртгэл хөтлөх нь өнөөдрийн, өнгөрсөн сар өдрүүдийн тоо мэдээ, гүйцэтгэлийг харуулахаас гадна ирээдүйн өсөлтийг таамаглах, төсөвлөхөд ашиглагдаж, мөнгө санхүүгийн хүндрэлээс зайлсхийх шийдвэр гаргахад үндэслэл болдог. Зөвхөн банкнаас зээл авахын тулд хэсэг хугацааны бүртгэл сайтар хөтлөөд болих, эсвэл бүртгэл хөтлөхдөө тасралтгүй байдлыг хангалгүй, долоо хоног, сараар бүртгэлээ хөтлөөгүй орхигдуулах, дараа нь үргэлжлүүлэх тохиолдол нийтлэг байдаг.

  1. Мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө авахгүй байх

Хэрэв та санхүүгийн мэргэжилтэй, үгүйгээс хамаарахгүй санхүү бүртгэл, тайлагналаа сайтар хөтөлдөг, түүнийгээ ашиглаж чаддаг бол мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө танд заавал шаардлагатай гэж бодохгүй байна. Тийм биш бол, бүртгэл хөтлөлт, тайлагналаа үнэн зөв эсэхээ мэргэжлийн зөвлөх үйлчилгээний компаниар нягтлуулах хэрэгтэй болов уу. Ингэснээр, хэрэв алдаа байсан бол түүнийгээ эрт залруулах, сайжруулах зүйл байвал мөн цаг хожиж мэдэж авах, хөгжүүлж чадах давуу тал бий болно.

Таны бизнест амжилт хүсье.