Зөвлөгөө

Бизнес эрхлэгчид ирэх жилийнхээ ашиг, орлогыг төлөвлөдөг байх шаардлагатай болж байна

Аливаа бизнес эрхлэгчдэд төлөвлөгөө, стратеги маш чухал. Бизнесийн салбараас гадна бусад салбарт ч амжилттай ажиллахад чанартай боловсруулагдсан төлөвлөгөө ихээхэн тус дэмээ өгдөг гэдгийг сайн мэргэжилтнүүд мэдэж байдаг. Тухайлбал, алдарт боксчин Майк Тайсон: Тулаанч бүрд төлөвлөгөө байдаг, гэхдээ нүүрэндээ нам цохиулах хүртлээ гэж хэлж байжээ. Түүний хэлснээр нүүрэндээ нам цохиулчихгүй л бол хэрэгжүүлэхээр бэлдэж ирсэн тактик, төлөвлөгөө сайн боксчин бүрд байдаг байна. Үүнтэй ижил бизнес эрхлэгч бүрд тодорхой төлөвлөгөө, зорилт болон түүнийг хэрэгжүүлэх арга зам гэж байх ёстой.

Бизнес эрхлэгчид практик дээр ямар асуудлуудтай тулгардаг вэ?

Практик дээр бизнес эрхлэгч бүрийн төлөвлөгөө зорилт тэр бүр тодорхой байгаад байдаггүй. Ихэнх бизнес эрхлэгчдийн хувьд өсөн тэлэх, орлогоо ихэсгэх, улмаар ажилчид болон тоног төхөөрөмжийн тоог ихэсгэх гэх мэт бүдүүвчилсэн зорилго байдаг хэдий ч тэдгээр нь тухайн компанид хир тус дэм болж, ямаршуу хэмжээний бодит ашиг орлого авчрахыг тооцоолдоггүй. Энэ тохиолдолд урдаа байсан маш том боломжийг олж хараагүй, өсөн дэвжих өөр арга зам байсныг мэдээгүй үлдэх тохиолдлууд практик элбэг байдаг. Харин бизнес эрхлэх явцдаа гүйцэтгэл, үр дүнгээ төлөвлөн түүнийг хэмжиж дүгнэдэг бол бодит байдал одоогийнхоос илүү өргөн хүрээнд байх магадлал маш өндөр. Тиймээс л байгууллагууд, бизнес эрхлэгч хувь хүн бүр тухайн жилийн, ирэх жилийн, боломжтой бол 3-5 хүртэл жилийн ашиг орлогоо төлөвлөж дадах нь зүйтэй. Санхүүгийн төлөвлөгөө нь таны бизнесийн зорилгыг тоогоор илэрхийлж, бодит нөхцөл байдлыг хэмжин улмаар томоохон зорилгодоо хүрэх гүүр болж өгдөг. Ингээд санхүүгийн төлөвлөгөө гаргаж байх нь танд ямар ашигтай талаар мэдээллийг хүргэе.

1. Танд шаардагдах бэлэн мөнгөний дутагдлыг урьдчилан харснаар санхүүгийн эх үүсвэрээ төлөвлөж чадна

Монголд үйл ажиллагаа явуулж буй ихэнх бизнесүүдийн орлого нь улирлын чанартай эсвэл баяр ёслолоос хамаарсан шинжтэй байдаг. Харин баяр ёслол болон үйлчлүүлэгч их ирдэг үеийг тооцоолон ирэх жилийнхээ санхүүгийн төлөвлөгөөг гаргаснаар хэдий үед ямар хэмжээний бэлэн мөнгөний дутагдалд орох магадлалтайг мэдсэнээр түүнд зориулан санхүүгийн төлөвлөгөө гаргаж байх хэрэгтэй. Ингэснээр танай байгууллага бэлэн мөнгөний дутагдалд орох эрсдэлээс сэргийлнэ.

2.Урт хугацааны туршид хэрхэн тогтвортой бөгөөд дэвшилттэй ажиллахаа тодорхойлж болно

Өдөр тутмын тулгарч буй асуудлыг шийдвэрлэн төлөвлөгөө гаргадагтай яг ижил урт хугацаанд тулгарч болох эрсдэл, асуудлыг тодорхойлж болно. Үүнийг санхүүгийн төлөвлөлт хийж, ашиг орлогоо тооцож үзсэнээр урт хугацаанд хэрхэн тогтвортой ажиллаж өрсөлдөөнд ялж үлдэхээ таамаглаж болно. Санхүүгийн төлөвлөгөө нь компаниудын тогтвортой урагшлах, найдвартай гүйцэтгэл үзүүлэх чиг шугам нь болдог.

3.Ашиг орлогоо зөв тодорхойлж, бодит зарцуулалтаа гаргаж ирэх боломжтой

Бизнесээ өргөжүүлэх ерөнхий зорилгоо даган бэлэн мөнгөний эргэлт, бараа материалын үлдэгдэл, орлого ашгаа харгалзахгүйгээр шинээр эд хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах нь эрсдэл дагуулж болзошгүй. Ялангуяа эдгээр бараа материалыг зээлээр авч буй тохиолдолд зээлийн хүү төлөх шаардлага бий болдог. Нөгөө талаар бизнесийнхээ эргэлтийн хөрөнгөөс өрхийн хэрэгцээгээ шийдэх зэргээр бизнесээ хувийн хэрэгцээтэй хутган доголдуулсан тохиолдол практикт нийтлэг тулгардаг асуудал. Ийм маягаар үүсээд байгаа эрсдэлээс гарахын тулд багадаа нэг жилийн ашиг орлогоо төлөвлөн хэдий хэмжээний орлого, ашиг, мөнгөн урсгал бий болох, түүнээс хамгийн ихдээ ямар хэмжээтэй хөрөнгө мөнгө хувьдаа авч зарцуулж болох талаар мэдэж авах нь тустай.

ХОЛБООТОЙ: Санхүү бүртгэлийн аутсорсинг үйлчилгээний 4 ашиг тус

4.Хувийн хөрөнгө мөнгө болон бизнесийн орлогыг ялган салгаж чадна

Маш олон бизнест тухайн компанийн эзний мөнгө болон бизнесийн мөнгө холилдсон байдаг. Бизнесийн эзэн нь хэрэгтэй үедээ байгууллагын мөнгөнөөс авч хэрэглэсний улмаас ийм асуудал үүсдэг. Практикт цалинг компанийн эзний мөнгөнөөс тавих, компанийн эзэн хувийн хэрэгцээт зүйлсээ бизнесээс орж ирж буй мөнгөөр авах зэрэг үзэгдэл нийтлэг. Энэ тохиолдолд бизнес нь ашиг олоод байна уу, эсрэгээр бизнесийн эзэн бизнесээ “тэжээгээд” байна уу гэдгийг тооцоход хүндрэл гардаг. Үүнийг санхүүгийн төлөвлөгөө хийлгэснээр шийдвэрлэх бүрэн боломжтой.

5.Бизнесийн ашиг орлого алдагдлыг хэмжих дүгнэх нөхцөл бүрдэнэ

Бизнесийн орлого ашиг нэгэнт төлөвлөгдсөн бол хугацааны дундуур, мөн эцэст нь олсон ашгаа, эсвэл бий болгосон алдагдлаа тооцон дүгнэх, хэмжих боломжтой. Ингэснээр санхүүгийн төлөвлөлт хир бодитой хийснээ тодорхойлж дараа жилийн төлөвлөлтөө сайжруулж чадахаас гадна бодит гүйцэтгэлээ харна. Таны бизнес энэ жил үнэхээр ашигтай байсан уу, тийм бол хэр ашигтай байсан, илүү ямар боломж байсан талаар эргэцүүлэх, дүгнэх тоон өгөгдөл, мэдээлэлтэй болно. Эцэст нь сануулахад, санхүүгээ төлөвлөх, үр дүнг хэмжин дүгнэх нь бизнес эрхлэгч бүрд хялбар байдаггүй тул санхүүгийн аутсорсинг үйлчилгээний мэргэжлийн компанид хандсанаар эдгээр асуудлыг шийдвэрлүүлж, компанийнхаа санхүүгийн төлөвлөлтийг гаргуулж болно.

Хэрэв та бизнесийнхээ орлого зарлагын талаар үнэн зөв бүртгэл хөтлөхийг хүсвэл бидний бэлтгэсэн темплайтыг дараах холбоос дээр дарж үнэгүй татаж авна уу. Баярлалаа

[vc_single_image image=”1938″ img_size=”full” alignment=”center” onclick=”custom_link” link=”http://www.sanhuuch.mn/татаж-авах/”]
Санхүүч

Author Санхүүч

More posts by Санхүүч

Leave a Reply