Зөвлөгөө

Долларын зээл: Аюул уу, эсвэл боломж юм уу?

 

Жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, эсвэл барилга байшин худалдаж авах, барих тохиолдолд өөрөөсөө боломжийн хэрээр санхүүжүүлж, үлдсэнийг банкны зээлд хамрагдан шийдэх шаардлагатай болдог. Хувь хүн ч ялгаагүй, орон сууцтай, хашаа байшинтай болохын тулд банкинд л хандана.

Банкны зээл авах гэсэн хэн боловч аль болох урт хугацаатай, бага хүүтэй, тэгээд хангалттай хэмжээний зээл авахыг хүснэ. Харин энэ хүсэлтэй яв цав нийцэх, гэхдээ ам.долларын зээл 2007 оны үед нэлээд олгогдсон ба төгрөг долларын эсрэг сулрах үед ийм зээл ямар аюултай болох нь ердөө 2 жил орчмын дараа тун тодорхой болж байв. Тодруулбал, та 2007 оны дундуур доллар 1,150 төгрөг байхад 10,000 доллар зээлсэн байлаа. Эхний жилд хүү төлж, 2 дахь жилээс хүү, мөн үндсэн төлбөрт 3,000 доллар төлсөн. Таны зээлийн үлдэгдэл мэдээж 7,000 доллар болсон, гэхдээ төгрөгөөр бол 10.1 сая төгрөг. Та анх 11.5 сая төгрөг зээлсэн шүү дээ. Үндсэн зээлээс 3,000 доллар төлөөд байхад зээлийн үлдэгдэл дөнгөж 1.4 сая төгрөгөөр хасагдлаа. Учир нь 2009 оны эхэнд доллар огцом чангарч 1,450 төгрөг болж түүнээс дээшээ явсан юм.

Долларын эсрэг төгрөгийн ханшийн хөдөлгөөнийг харуулав. Төгрөг ийнхүү суларсан үед долларын зээлтэй бизнес эрхлэгч, орон сууцны зээлтэй иргэд тун хүнд байдалд орж, банкууд ч мөн алдагдал хүлээн төгрөгийн зарласан ханшаас доогуур үнээр долларын зээлийг төгрөгт хөрвүүлж байсан билээ.

Гэхдээ бүх зээлдэгчийн хувьд байдал тийм муу байгаагүй юм. 2009 онд долларын зээл авч байранд орсон танил маань 2011 онд байраа зараад зээлээ хаасан ба зээлийнх нь бараг 20% өөрөө “алга болсон” байв. Учир нь 2009 онд 1,590 төгрөг /валютын зах зээр бараг 1700 төгрөг/ хүрч галзуурсан долларын ханш 2 жилийн турш уруудаж 1200 төгрөгт очсон юм. Харин манай танил нөхөр “хүүгүй” зээлээр байртай болсон гэсэн үг.

2011 оноос 2016 он дуустал долларын ханш цөөхөн удаа, сайндаа 5 хувиар суларсан ба үүнийг эс тооцвол эрчтэй чангарч ирсэн ба 2017 он гарсаар бага зэрэг суларсан ч цаашид хаашчих нь тодорхойгүй байна. Одоо 5 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын зээл доллараар авчихвал 2 жилийн дараа 20% нь “алга болох уу”? Хэн ч баттай хэлж мэдэхгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цаашид тогтвортой байх уу, бид Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдах уу, ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн яах бол гэх зэрэг тодорхойгүй нөхцөл байдал их байна. Уг нь бол долларын зээлийн хүү нь төгрөгийн зээлээс бага байдаг. Ямар зээл авахыг бизнес эрхлэгчийн мэргэн ухаан л шийднэ. Эрсдэл нь, долларын ханш цаашид чангарвал тэр хэмжээгээр үүсэх ханшийн зөрүүний алдагдлыг зээлдэгч хариуцна.

Санхүүч

Author Санхүүч

More posts by Санхүүч

Leave a Reply