Зөвлөгөө

Та бизнесийн зээл хөөцөлдөх гэж байна уу?

БАНКТАЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ТАЛААР МЭДВЭЛ ЗОХИХ 3 ЗҮЙЛ

Шаардлагатай үед банкнаас зээл авах нь амжилттай бизнес эрхлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Хэрэв та худалдааны бизнес эрхэлдэг бол борлуулалт хамгийн их байдаг үеийг угтан эргэлтийн хөрөнгөө нэмэхийн тулд, үйлдвэрлэгч бол түүхий эд материалаа татан авахын тулд банкнаас зээл авах шаардлага гарч ирдэг.

Харин банкууд хүссэн хэмжээний зээлийг богино хугацаанд тэр бүр шийдвэрлэж өгдөггүй нь дараах шалтгаантай.

1.Бусдаас татан төвлөрүүлсэн мөнгийг банк танд зээлдэг.

Бүх арилжааны банкууд иргэдийн хадгаламж, байгууллагын харилцах данс, гадны зээлдэгчдээс мөнгө татан төвлөрүүлж түүнийгээ бизнес эрхлэгчдэд дамжуулан зээлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Та зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх эсэхээс үл хамааран банк данс эзэмшигчийн өмнө төлбөрийн хариуцлагаа хүлээнэ. Тиймээс танд олгох зээлийн хэмжээ, эргэн төлөх боломжид хамгийн их анхаардаг.

Та зээл аваад эргүүлэн төлөх санхүү, орлогоо нотлон, бизнесийн ур чадвар, бусад боломж, баталгааг банкинд хангалттай гаргаж өгөхгүй бол банк уг асуудлыг өөрийнхөөрөө шийднэ. Таны орлого боломжийн хэмжээнд байж чадах нь батлагдсан ч барьцаа хөрөнгийн асуудал үүсдэг. Барьцаа хөрөнгийг банк хэзээ ч одоогийн ханшаар үнэлэхгүй. Учир нь барьцаа хөрөнгийн түргэн борлогдох боломж, эдийн засгийн хямралын үед үнэ цэнээ хадгалах эсэх гээд банкныханд шийдвэрлэх олон асуудал байдаг.

Тиймээс л банк зээл олгох эсэх шийдвэр гаргахдаа таны бизнесийн ашиг орлогыг барьцаа хөрөнгөөс илүү чухалчилж үздэг.

2. Бизнесийн зээл олгох туршлага банк бүрт өөр өөр байдаг.

Та зээл хөөцөлдөхдөө өөрт тохирох банкийг сонгох хэрэгтэй. Хэрэв та бичил, жижиг бизнес эрхлэгч бол анхнаасаа бичил болон жижиг бизнес эрхлэгчдэд зээл олгож ирсэн, шинэ болон туршлага багатай бизнес эрхлэгчдэд зээл олгох тусгай зориулалтын сантай, эсвэл энэ чиглэлээр зээл олгох төслийн зээлийн эх үүсвэртэй банк таны хүсэлтийг нааштай хүлээж авна.

Банкууд бизнесийн зээлээс илүү цалингийн болон өрхийн гэх мэт хэрэглээний зээл, лизинг түлхүү олгосон байдаг бөгөөд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөө илүү эрсдэлгүй зээлд байршуулж байгаа нь эндээс харагдана. Тиймээс та аль болох өөрт тохирсон, бизнесийн зээл олгохоор идэвхитэй сурталчилгаа явуулж буй банкийг сонгох нь зүйтэй.

3. “Банкир хэн байхаас их зүйл хамаарна.

Таны бизнесийн зээлийн хүсэлтийг судлах, банкиндаа танилцуулах, зээл олгох шийдэр гаргуулах хүн буюу бидний нэрлэж заншсанаар “зээлийн мэргэжилтэн” хэн байхаас их зүйл хамаарна. Таны анх уулзсан “зээлийн мэргэжилтэн” уулзалтын эхэнд таны бизнесийг илүү сонирхож, танд зээлийг судлах сонирхолтой байгаагаа илэрхийлж байна уу, эсвэл танаас шууд барьцаа хөрөнгийг тодруулж, зээл олголоо гэхэд хэрхэн найдвартай төлүүлэхээ л бодож эхэлсэн үү? “Зээлийн мэргэжилтэн” таны бизнесийн онцлог, давуу болон сул тал, боломж, бизнесийн процессийг ойлгож, дээр нь тантай энэ сэдвээр санал солилцоод зогсохгүй зөвлөгөө өгч байвал бүр сайн. Харин эсрэгээр таны бизнесийн талаар төсөөлөл ч үгүй, ойлголтгүй, асуултаа оновчтой тавьж чадахгүй, харилцааны ур чадвар сул байвал та өөр банк, өөр салбар, өөр банкирт хандах нь зүйтэй.

Таны бизнест амжилт хүсье.

Хэрэв та бизнесийнхээ орлого зарлагын талаар үнэн зөв бүртгэл хөтлөхийг хүсвэл бидний бэлтгэсэн темплайтыг дараах холбоос дээр дарж үнэгүй татаж авна уу. Баярлалаа

[vc_single_image image=”1938″ img_size=”full” alignment=”center” onclick=”custom_link” link=”http://www.sanhuuch.mn/татаж-авах/”]