Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Ковид19 гэж албан ёсоор нэрлэсэн шинэ төрлийн Корона вирус цар тахлын хэмжээнд эрчимтэй тархаж, хүн төрөлхтөн, улс үндэстэн бүхэнд, түүнчлэн бизнесийн салбарт бүхэлд нь урьд өмнө тохиолдож байгаагүй тодорхойгүй нөхцөл байдал бий болгов. Вирусын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2 сарын дараа 100,000 тохиолдолд хүрсэн бол түүнээс ердөө 1 сарын дотор даруй 12 дахин нэмэгдэж 1,200,000 тохиолдол баталгаажсан байна. 2019 оны төгсгөлд бизнес эрхлэгч хэн бүхэн тухайн оны алдаа оноогоо дүгнэж, 2020 он, түүнээс цааш хэрхэн ажиллахаа тооцож төлөвлөсөн боловч тэр бүхэн өөрчлөгдсөн нь гарцаагүй ба харин сүүлийн гурван сард бий болсон шинэ бөгөөд тодорхойгүй нөхцөл байдалд хэрхэн дасан зохицох, бизнесээ яаж авч үлдэх, магадгүй цар тахлын үед шинээр бий болсон боломжийг алдалгүй ашиглах гэх мэт онцгой зорилт, хүндхэн сорилтуудтай нүүр тулав.
Бизнест санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн 4 чиг үүрэг, тэдгээрийн онцлог, таны бизнест хэзээ хэрэг болох талаар нийтлэл маань танд 2020 оны 3 дугаар сард хүрсэн байгаа. Санхүү эрхэлсэн захирлын орон тоонд авъяас чадвар тэнцэх хэн нэгнийг томилох байтугай санхүү бүртгэлийн албандаа бүртгэлийн ажилтан, нягтлан бодогч, ахлах нягтланг бүрэн ажиллуулах боломж жижиг дунд бизнест тэр бүр байхгүй боловч Ковид19 вирусын цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын үед жижиг дунд бизнес эрхлэгч, удирдагч хэн бүхэн Санхүү эрхэлсэн захирлын хэмжээнд бизнесээ бүхэлд нь харж, төлөвлөж, шийдвэр гаргах зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймд, танд тулгарсан амаргүй сорилтыг давахад тань туслах зорилгоор энэхүү нийтлэлийг орууллаа.
Хямралын үед юун түрүүнд та дараах арга хэмжээнүүдийг даруйхан авч хэрэгжүүлэх, хэвшүүлэх хэрэгтэй:
Борлуулалтын тогтолцоонд:
- Зээлийн борлуулалтыг зогсоох. Бизнесээ өргөжүүлэх, тэлэхэд хэдий чухал байдаг ч та энэ цаг үед зээлийн борлуулалт хийхийг аль болох бүрэн зогсоо. Зайлшгүй зээлээр борлуулах бол барьцаа баталгаагаар найдвартай хангах хэрэгтэй. Хэрэв бартер хэлцэл хийх бол үнэ цэнээ үл алдах, бэлэн мөнгөнд үргэн хөрвөх чадвартай хөрөнгийг зөрүүнд авах хэрэгтэй.
- Орлого олох шинэ хэв маягийг олж харах, боломжтой бол турших, эхлүүлэх цаг үе ирж байна.
Хөрөнгийн хувьд:
- Ажлын капиталыг аль болох бууруулах. (Ажлын капитал = Эргэлтийн хөрөнгө – Богино хугацаат өр төлбөр) Урт хугацаанд эргэлтэд орох бараа материал, түүхий эдийн шинэ татан авалтыг хийхгүй, нөөцлөхгүй байх хэрэгтэй. Эндээс суларсан бэлэн мөнгөөрөө бизнесийн эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр болж байдаг богино хугацаат өр төлбөрүүдийг төлж барагдуулах замаар төлбөрийн дарамтаа багасгах хэрэгтэй.
- Хөрөнгө худалдан авах, засан сайжруулах төлөвлөгөө байсан бол тэдгээрийг ач холбогдлоор нь эрэмбэлэх, яаралтай хэрэгтэй, шаардлагатай биш бол цуцлах, хойшлуулах арга хэмжээ аваарай. Өнөөдрөөс 1 жилийн дараа хэрэв цар тахлын аюул хэвээр үргэлжилж байвал бизнесийн нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй тул зайлшгүй үед худалдан борлуулж болох хөрөнгөө урьдчилан тодорхойлоход илүүдэхгүй.
Зардлын хувьд:
- Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой гарч байдаг тогтмол зардлуудыг хувьсах зардалд хөрвүүлж чадвал маш үр дүнтэй. Танд хэрэв орлого орж ирвэл аливаа зардал гарч байхаар зохион байгуулах нь бэлэн мөнгөний дутагдалд орохоос сэргийлнэ. Хувьсах зардалд шилжүүлж чадахгүй ч хэмжээг нь бууруулах хэрэгтэй. Жишээ нь түрээслэгчтэйгээ ярилцаж түрээсийн зардлаа багасгаарай. Таны бизнес энэ цаг үед хэвийн явж байсан ч бэлэн мөнгөний хуримтлал үүсгэх, төлбөрийн чадвараа улам сайжруулахын тулд нэгэнт үүссэн нөхцөл байдал, боломжийг ашиглахад буруудахгүй.
- Тогтвортой ажиллах хүч нь бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангах, урагш хөгжүүлэх гол хүчин зүйл байдаг. Тиймдээ ч аль ч салбарын бизнесийн байгууллага дахь үйл ажиллагааны зардлын нэг том төрөл нь цалингийн зардал болдог. Хямралын үеэр ажилчдаа цомхтгох, цалингийн зардлаа танах нь хямралын дараа бизнесийн хэвийн үйл ажиллагааг доголдуулах эрсдэлтэй, гэхдээ хямралыг хамтдаа даван туулахын тулд, зайлшгүй нөхцөл байдал үүсвэл ажилчдын цалинг бууруулахаас өөр сонголтгүй болно. Иймд ажилчидтайгаа эртхэн ойлголцож, нөхцөл байдлаа ил, тодорхой ярилцаж байх хэрэгтэй.
Зээл санхүүжилт:
- Зээлийн үндсэн төлбөр төлөх хуваарийг өөрчлөх, байж болох хамгийн урт хугацаагаар хойшлуулах буюу боломжтой бол ирэх 1 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, зээл төлж дуусах хуваарийг мөн ижил хугацаагаар хойшлуулах нь зүйтэй.
Нөхцөл байдлыг ашигла:
- Нэгэнт бизнесийн үйл ажиллагаа хумигдаж байгаа цаг үеийг ашиглан бизнесийнхээ эрүүл мэндэд цаг зарцуулж, чадавхиа сайжруулаарай. Засгийн Газар, Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа аливаа төсөл хөтөлбөр, хөнгөлөлтийн тогтолцоонд сайтар хамрагдах хэрэгтэй.
Ковид19 вирус цар тахлын хэмжээнд аюул тарьж буй энэ цаг үед та дээрх арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ та хямралын үеийн санхүүгийн удирдлагын хүрээнд дараах алхамуудыг ажил хэрэг болгох нь маш чухал байна.
Алхам 1. Хөрвөх чадварыг хамгаал
Хөрвөх чадварыг энгийнээр илэрхийлбэл – таны бизнест ашиглагдаж байгаа ба бэлэн мөнгөнд үнэлгээгээ алдалгүй түргэн хөрвөх чадвартай эргэлтийн хөрөнгүүд болон танд байгаа бэлэн мөнгөний нийлбэр юм. Иймд хөрвөх чадвараа хамгаалах гэдэг нь бэлэн мөнгөний хуримтлал бий болгох, нөөцлөх, бэлэн мөнгөний дутагдалд орохгүй байхыг хэлж байна. Дараах үе шатаар хөрвөх чадварыг хамгаалах юм:
Хямралын үеийн санхүүгийн төлөвлөгөө боловсруул
- 2020 он дуустал үлдсэн 8 сарын хугацаанд хийгдэх борлуулалтын орлого, гарах үйл ажиллагааны зардал, үлдэх мөнгөн урсгалын төлөвлөлтийг сар бүрээр нарийвчлан тодорхойлоорой. Ингэхдээ жилийн эцэст бизнесийн санхүү байдлын тайлан буюу баланс ямар байхыг харахаар төлөвлө. Авлага барагдах, өглөг төлөх, шинээр үүсэх тэр бүхнийг тооцон төлөвлө.
- Хамгийн чухал хэсэг нь хямралын үеийн санхүүгийн төлөвлөгөө Сайн, Дунд, Муу гэсэн хувилбаруудтай байх хэрэгтэй.
Хямралын үед мөрдөж ажиллах санхүүгийн төлөвлөгөөг сонгон хэрэгжүүл:
- Сайн, Дунд, Муу хувилбаруудын алийг сонгохоо шийднэ үү. Эдийн засгийн мөчлөгөөс шалтгаалсан хямрал бол тохиолдож л байдаг, ямар нэг хэлбэрээр эргэн сэргэдэг нь тодорхой бол Ковид19 вирусын шалтгаантай үүссэн хямрал нь онцгой тохиолдол юм. Аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, тоглоомын төв зэрэг зарим бизнесүүдийг бүрэн зогсоосон, хэзээ эргэн хэвийн болох нь тодорхогүй байна. Иймд бидний зүгээс хамгийн Муу хувилбараа сонгохыг зөвлөж байна.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг 7 хоног, сар тутам дүгнэ, нягтал
- Сонгосон төлөвлөгөөний хэрэгжилтээ богино хугацаанд хэмжин дүгнэж, шаардлагатай бол тодотгол, өөрчлөлт хийх хэрэгтэй.
Хөрвөх чадварыг хамгаалах энэ алхамыг дээр дурдсан байдлаар тайлбарлан жагсаалт гаргахад амархан ч хэрэгжүүлэхэд хялбар бус. Иймд таны бизнест тус дэм болох, санаа өгөх зорилгоор хямралын үеийн санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг дүгнэх эксел загвар бэлтгэв, та ЭНД дарж, эсвэл wordpress-777620-2646995.cloudwaysapps.com сайтын үндсэн хуудаснаас татаж аваарай. Энэхүү загвар нь дараах байдлаар бэлтгэгдсэн:
- Бүх өгөгдлүүдийг Сайн, Дунд ба Муу гэсэн хувилбаруудаар оруулах боломжтой;
- Өгөгдлүүдийг гараас оруулан журнал бичилт хийгдэхэд төлөвлөгөөний нэгтгэл автоматаар хийгдэнэ;
- Төлөвлөсөн хугацаанд орлого, ашиг алдагдал, мөнгөний үлдэгдэл болон санхүү байдлын тайланг хувилбар бүрээр харуулна;
- Мөрдөхөөр сонгосон төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг оруулахад гүйцэтгэлийг харьцуулан харуулна;
- Төлөвлөлтийн хувилбар бүрээр мөнгөн урсгал дааж байгаа эсэхийг харуулж, анхааруулна.
Та энэ загварын дагуу санхүүгийн төлөвлөлт хийх, ашиглах бол дараах бэлтгэлийг хангах, гол шаардлагуудыг хангахад анхаараарай:
- Орлого зардал, худалдан авалт, төлбөр тооцооны өгөгдлийг 3 хувилбартайгаар урьдчилан бэлтгэх;
- Бизнес бүрэн зогсох, мөнгөний дутагдалд орохоос зайлсхийх. Ямар ч систем бүрэн зогсоод хөдлөх, “шааригдаж” байгаад цааш хурдлах нь ашиглах нөөцийн хувьд маш их ялгаатай.
- Хямрал дуусах, бизнесийн салбар хэвийн болох үед санхүүжүүлэгч банктайгаа сайн харилцаатай байх нь чухал. Иймд ямар ч хувилбарын үед зээлийн хүүгээ төлж байхаар тооц.
- Төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа 1 – ээс дээш барь. Энгийнээр тайлбарлавал, богино хугацаанд төлөх ёстой өр төлбөрөөс дутуугүй хэмжээнд бэлэн мөнгөний нөөцтэй бай.
ТТГЧ = (Эргэлтийн хөрөнгө – Бараа материал) / (Богино хугацаат өр төлбөр)
Алхам 2. Гамшгийн үеийн төлөвлөгөөтэй бол
Онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагууд маань вирусын тархалт үүсгэхгүй байх бүхий л арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байгааг дурдах хэрэгтэй. Гэхдээ, хэрэв вирусын тархалт манай улс даяар үүсч эхэлбэл гамшгийн нөхцөл байдал үүсгэхийг үгүйсгэхгүй тул ажлын байр, агуулах савны хамгаалалтаа сайжруулан хүчитгэх, хөрөнгийн даатгал хийлгэх зэрэг бэлтгэл ажлын зардлыг тооцон санхүүгийн төлөвлөлтөд тусгах хэрэгтэй.
Гамшгийн нөхцөл байдал үүсвэл авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь энгийн, хураангуй байх нь оновчтой ба тухайн нөхцөл байдалд хэн, ямар арга хэмжээг авах, ямар зохион байгуулалтад орох тухай тоочсон жагсаалт байхад хангалттай.
Алхам 3. Боломжийг ашиглахад бэлэн байх
Борлуулалтын боломж – хямрал зөвхөн сөргөөр нөлөөлдөггүй. Нийлүүлэлт нь буурсан зарим бүтээгдэхүүн дээр эрэлт огцом өсөх магадлалтай;
Хөрөнгө – Хямралын үед хөрөнгийн үнэ унах байдал нийтлэг, ирээдүйд чухал шаардлагатай хөрөнгө хямд зарагдвал авах чадвартай байхыг хичээх;
Бусад боломж – Засгийн Газрын дэмжлэг туслалцаанд хамрагдах боломжоо хадгал – ажлын байраа, үндсэн цалинг нь хэвээр хадгал;
Хямралын үеийн санхүүгийн удирдлага нийтлэл энд хүрээнд өндөрлөж байна, анхаарч уншсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.